АРХИВ, АЛБАН БИЧИГ ХЭРГИЙН ХӨТЛӨЛТӨӨР СУРГАЛТ ЯВАГДАВ

Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалаас Батлан хамгаалахын төв архивтай хамтран “Албан бичгийн бүрдүүлэлт, түүнийг зөв хөтлөн явуулах” сэдвийн хүрээнд 9 дүгээр сарын 29-ний өдөр бие бүрэлдэхүүндээ сургалт зохион байгууллаа.Энэ нь Зэвсэгт хүчний Жанжин штабаас 9 дүгээр сарыг “Баримт бичгийн эргэлт, хариутай албан бичгийн шийдвэрлэлтийг сайжруулах аян” болгон зарласантай холбогдуулан ЗХЖШ-ын нэгдүгээр орлогчийн баталсан удирдамжийн дагуу шаталсан сургалтуудыг зохион байгуулж байгаа юм.

Сургалтаар Батлан хамгаалахын төв архивын ахлах зааварлагч-арга зүйч А.Уртнасан “Албан хэрэг хөтлөлтийн нийтлэг журам, түүнд орсон нэмэлт өөрчлөлт, баримт бичгийн стандарт”, сан хөмрөгийн эрхлэгч, дэслэгч А.Цолмон “Архивын бүрдүүлэлт болон хөгжүүлэлт”, эрдэм шинжилгээний ажилтан, ахлах дэслэгч О.Батцэцэг “Батлан хамгаалахын төв архивт хадгалагдаж байгаа баримтуудын тухай” гэсэн сэдвүүдийн хүрээнд мэдээлэл өгч, харилцан ярилцсан юм.

Сургалтын эхэнд А.Уртнасан архив, албан хэрэг хөтлөлтийг зохицуулсан эрх зүйн харилцааны тухай мэдээлэл хүргэж, төрийн архив, байгууллагын архивын ялгаа, бүрдүүлэлтэд нь хэрхэн анхаарах, албан бичиг хөтлөлтөөр байгууллагын ажилтан бүр тухайлсан үүрэг хүлээсэн байдгийг тодотгов. Үргэлжлүүлэн баримт бичгийн стандартад орсон өөрчлөлтүүдийг онцоллоо. Тухайлбал, албан бичигт Дорж овогтой Бат гэж бичдэг байсан бол шинэчлэгдсэн журмаар Доржийн Бат гэж бичих тухай, хурлын тэмдэглэл хөтлөхөд анхаарах зүйлийг ч дурдав. Хурлын тэмдэглэл нь хэлэлцсэн нь, сонссон нь, шийдвэрлэсэн нь гэсэн дарааллаас бүрдэх бөгөөд хэлэлцэх асуудал бүрт энэ зарчмаар бичих ёстойг анхаарууллаа.

Мөн ахлах дэслэгч О.Батцэцэг Батлан хамгаалахын төв архивт хадгалагдаж байгаа онцлох баримтуудыг он цагийн дарааллаар танилцуулж, түүний ач холбогдлын тухай мэдээллийг командлалын бүрэлдэхүүнд өгсөн юм.