МЭНДЧИЛГЭЭ

Эрхэм хүндэт ахмад дайчид, үе үеийн эх орончид, Төрийн цэргийн байгууллагад алба хааж байгаа нийт бие бүрэлдэхүүн Та бүхэндээ Чөлөөлөх дайны ялалтын 75 жилийн ойн баярын мэндчилгээг өргөн дэвшүүлье.
Өнөөдөр бид Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг дархалсан Чөлөөлөх дайны ялалтын 75 жилийн ойг улс орон даяар, Оросын ард түмний хамт ёслол төгөлдөр тэмдэглэж байна. Монгол цэрэг Чөлөөлөх дайнд Зөвлөлт Холбоот Улсын Улаан армитай мөр зэрэгцэн Японы түрэмгийлэгчдийн эсрэг тулалдаж, гайхамшигт ялалт байгуулсан явдал Монголын ХХ зууны түүхэнд тодоор бичигдсэн юм. Чухамхүү энэ дайны үр дүнгээр Монгол Улс тусгаар тогтнож, бүрэн эрхт байдал улам баталгаажсан билээ.
Дэлхийн дайн Европ тивд 1945 оны 5 дугаар сард Зөвлөлт Холбоот Улс тэргүүтэй холбоотон улсуудын ялалтаар төгсөж, Ялтын бага хурлын шийдвэрийн ёсоор Зөвлөлтийн Улаан арми Японы түрэмгийлэгчдийн эсрэг дайнд орох болсон бөгөөд Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Бага хурал ба Засгийн газраас 1945 оны 8 дугаар сарын 10-ны өдөр “Японд дайн зарлах тухай Тунхаглах бичиг” гаргаж, Японы эсрэг дайнд нэгдсэн юм.
БНМАУ-ын Цэргийн яамны сайд, маршал Х.Чойбалсан, ЗХУ-ын хурандаа генерал Исса Александрович Плиев нарын командалсан Монгол, Зөвлөлтийн Морьт механикжуулсан бүлэг нь Өвөр Байгалийн фронтын баруун жигүүрийг халхалж, Долоннуур, Жэхэгийн чиглэлд гол цохилтыг, Хаалганы чиглэлд туслах цохилтыг хийх үүрэг хүлээжээ.
Монгол Ардын хувьсгалт цэрэг зуны аагим халуунд Цахарын өргөн цөл, урсгал догшин гол мөрнүүдийг туулан, асар богино хугацаанд 1000 гаруй километр давшиж, монгол цэргийн тэсвэр тэвчээр, монгол морины шандас хатуужлын гайхамшгийг үзүүлэн ялалт байгуулалцсан юм. Дайны өдрүүдэд манай идэр насны залуучууд цэрэгт дайчлагдан эрэлхгээр тулалдаж, үйлдвэр, хөдөө аж ахуйн ажилчид, малчид ялалтын төлөө амсхийлгүй ажиллаж байсан нь Монголын ард түмэн нийтээрээ тусгаар тогтнолынхоо төлөө, дайны ялалтын төлөө тэмцсэний бодит түүх мөн. Чөлөөлөх дайны ялалт бол Монгол Улсын хувьд төдийгүй Ази тив, дэлхий дахины түүхэнд гүн гүнзгий ул мөрөө үлдээсэн чухал үйл явдал байсан юм.
Энэхүү түүхт ойн өдрийг тохиолдуулан өргөсөн тангарагтаа үнэнч байж, эх орныхоо газар шороо, тусгаар тогтнолын төлөө амь биеэ үл хайрлан тэмцсэн баатарлаг ахмад үеийнхэндээ гүн хүндэтгэл илэрхийлэхийн хамт тэдний гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсдөд чин сэтгэлийн халуун мэндчилгээ дэвшүүлье. Чөлөөлөх дайны хүндийг үүрч, ялалтын тугийг мандуулсан Зөвлөлтийн ард түмэн, түүний ялгуусан Улаан армийн баатарлаг дайчдад Монголын ард түмний нэрийн өмнөөс гүн хүндэтгэл илэрхийлж байна.
Хэдийгээр дэлхий нийтийг хамарсан цар тахлын үед Чөлөөлөх дайны түүхт ялалтын 75 жилийн ойг өндөр хэмжээнд, өргөн далайцтай тэмдэглэн өнгөрүүлэх боломжгүй байгаа ч Монгол Улсын Батлан хамгаалах яам ахмад дайчдынхаа гавьяа зүтгэлийг мөнхжүүлэн алдаршуулах олон ажлыг санаачлан хийсээр байна.
Монгол Улсын Зэвсэгт хүчин, цэрэг эрс маань өнгөрсөн зуунаас эдүгээг түүчээлэн улс орноо батлан хамгаалах нэн хариуцлагатай бөгөөд нэр хүндтэй үүргийг амжилттай гүйцэтгэж, эх дэлхийн энх тайван, амар амгаланг тогтоох үйлсэд эр зориг, тэсвэр тэвчээр, мэргэжлийн ур чадвараа гайхуулан эх орныхоо нэр хүндийг олон улсын тавцнаа дуурьсган байгааг баярын энэ өдөр тэмдэглэн хэлэхэд нэн таатай байна.
Чөлөөлөх дайнд оролцож, түүхэн ялалт байгуулсан ахмад дайчдынхаа гавьяат үйлсийг эх орны минь ирээдүй болсон хүүхэд, залуус ямагт санан суралцаж, өвлөн тээж явахыг Батлан хамгаалахын сайд би уриалж байна.
Нийт иргэд, ялангуяа залуучуудад цэрэг-эх оронч, үндэсний бахархалт үзлийг төлөвшүүлэн ёс суртахуун, сэтгэл зүйн болон бие бялдрын өв тэгш хүмүүжилтэй иргэн болгон төлөвшүүлэх нь олон улсын харилцаа ээдрээтэй болж буй энэ цаг үед төрийн алба хаагч хэн бүхний залуу хойч үеийнхээ өмнө хүлээсэн эрхэм үүрэг болж байна.
Жаран жарнаар өртөөлсөн, зуун зуунаар уухайлсан Монгол цэргийн сүлд хийморь, яруу алдар, цог жавхаа үеийн үед үүрд мандан бадрах болтугай.

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН, БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД Г.САЙХАНБАЯР